☀️ -9.8 🌙 -24.1
3,565.02

Ли Жэ Мён: Хятад, Японы үл ойлголцол нь манай оролцох асуудал биш

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён өнөөдөр /2026.01.13/ Японд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ли Жэ Мён, Санаэ Такаичи нар хоёр улсын харилцаа, бүс нутаг, дэлхийн асуудлууд, цаашилбал, Токио, Бээжингийн хурцадмал байдлын талаар хэлэлцэнэ. Ли Жэ Мён хоёр өдрийн турш Такаичигийн төрсөн нутаг Нара мужид байрлана.  

Энэ удаагийн айлчлал Ли Жэ Мёны хувьд хоёр дахь айлчлал. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Японы ерөнхий сайд асан Шигэрү Ишибатай яриа хэлэлцээ хийхээр Японд ирж байв. 


Харин Такаичиг албан тушаалаа хүлээн авснаас хойш тэд гурав дахиа уулзаж байна. Тэд анх өнгөрсөн аравдугаар сард Кёнжүд болсон АПЕК-ийн чуулганы үеэр анх удаа, дараа нь арваннэгдүгээр сард Өмнөд Африкт болсон "Их-20"-ийн чуулганы үеэр хоёр дахиа уулзжээ.

Ли Жэ Мён хэдхэн хоногийн өмнө Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй харилцаагаа бэхжүүлээд ирсэн билээ. Тэрбээр Даваа гаригт /2026.01.12/ хэвлэлд ярилцлага өгөхдөө, "Өмнөд Солонгосын Японтой харилцах харилцаа Хятадтай харилцах харилцаанаас ямар ч ялгаагүй чухал. Тайванийн асуудлаарх Хятад, Японы үл ойлголцол нь манай оролцох асуудал биш" гэжээ.  

Хятад улс Японы найман мужид далайн хүнсний импортын хориг тавьсан асуудлыг энэ удаагийн айлчлалын үеэр талууд хэлэлцэх бололтой. Олон нийтийн санаа зовнил их байгаа тул хязгаарлалтыг сулруулахад цаг хугацаа орно гэдгийг Ли Жэ Мён хэлж байгаа юм. 


Цаашилбал, Хойд Солонгосын асуудлыг талууд хэлэлцэнэ. Санаэ Такаичи Хойд Солонгост хулгайлагдсан япон иргэдийн асуудлаар Ким Жон Унтай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг Ли сайшаажээ. Мөн тэрбээр энэ яриа хэлэлцээг хөнгөвчлөхөд үүрэг гүйцэтгэх, талуудыг дипломат харилцаа тогтооход нь туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Эцэст нь талууд, Японы колончлолын үе буюу 1910-1945 онд холбогдох шийдэгдээгүй дайны асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Энэ яриа хэлэлцээгээр дамжуулан Японы баруун хэсгийн Ямагүчи муж дахь Чосей далайн доорх нүүрсний уурхайд амиа алдсан солонгос ажилтнуудын цогцсыг гаргаж ирэх асуудал хөндөгдөнө гэж найдаж буйгаа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лак хэллээ. Тухайн үед болсон үерийн гамшигаар 136 солонгос хүн амиа алдаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ