Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэрээс өнөөдөр /2026.01.23/мэдээлэл хийж, Ерөнхий сайдад хохирлыг барагдуулж өгөх, хэргийг хурдан шийдэж өгөх хүсэлт гаргалаа.
Хохирогч н.Батчимэг "Дүнжингарав худалдааны төвд гарсан осолд манай нөхөр өртөж амиа алдсан. Миний хувьд энэ хоёр жилийн хугацаанд холбогдох бүх албан тушаалтнуудтай уулзсан. Гэтэл өнөөдрийн байдлаар биднийг хэн ч хүлээж авч уулзсангүй, уучлалт гуйгаагүй, хохирол барагдуулаагүй. Хууль хүчний байгууллагынхан энэ хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй, тодорхой шийдвэр гаргаагүй. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлтээ илгээсэн. Энэ оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Шатсан 207 дугаар байрыг буулгаж шинэ байр барьж өгөхөөр болсон, тэдний түрээсийн мөнгийг ч төлж байгаа. Бид тэдэнтэй барьцаагүй гэхдээ бид ч гэсэн хүнээ алдсан. Магадгүй хохирсон иргэдийн дунд өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байсан бол ингэж хандахгүй байсан байх.
Тухайн үед сэтгэцэд учирсан хохирлыг барагдуулна гэж хэлж байсан. Гэтэл тэр үед хүнээ алдчихсан учраас сэтгэцэд учирсан хохирлоо үнэлүүлэх хэрэггүй гэж хэлж байсан. Тэгсэн өнгөрсөн арваннэгдүгээр сард дуудаад сэтгэл санааны хохирлоо үнэлүүл гэсэн. Дээрээс нь манай нөхөр тухайн үед машинтайгаа явж машин шатсан. Гэтэл өнөөдөр татвараа төл гээд залгаад байна. 2025 оны тээврийн хэрэгслийн татвараа төлсөн. Үнэхээр чимээгүй байхаар биднийг хөсөр хаяж байна. Ингээд ч болов мэдээлэл хийвэл анхаарлаа хандуулах юм болов уу гэж бодож байна. Бид хоёр жил зүдэрч явлаа, би гурван хүүхэдтэй. Манай гурван хүүхэд нэг хүний буруутай үйлдэл, улсын стандартгүй байдлаас болж өнчирч хоцорсон" гэлээ.
Б.Эрдэнэ-очир"Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө миний аав Төмөрбаатар тэнд зорчиж явсан. Тухайн үед осолд өртөж түлэгдээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр бурхан болсон. Тэнд хэн нэгний хайртай хүн зүгээр явж байгаад өртөж амиа алдсан гэдгийг төр мартсан байх. Хэрэг ямар үе шатанд яваа юм. Сэтгэцэд учирсан хохирлоо дүгнүүлэхгүй бол хохирлын мөнгө өгөхгүй гэсэн. Тухайн үед хэрэггүй гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл 1,8 жилийн дараа үнэлүүл гэж байгаа юм. Бид тэр нас барсан онцгойгийн алба хаагчдын ар гэртэй барьцаагүй. Гэхдээ яагаад бид зүв зүгээр байж байгаад хүнээ алдаж хохирч үлдэх ёстой юм бэ" гэв.
н.Батбаатар"Монгол Улсад төрд 36 жил ажилласан ганцхан жилийн дараа тэтгэвэртээ суух гэж байсан аавыгаа энэ ослоор алдсан. Үнэхээр харамсалтай байна. Төр биднийг үнэхээр хөсөр хаяж байна. Сэтгэл санааны хохирлоо үнэлүүлэх хэрэггүй гэсэн хэр нь одоо болохоор үнэлүүл, үнэлүүлэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэсэн" гэлээ.
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн ачааны машин "Nissan Patrol" автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч, дэлбэрэлт болсон. Ослын улмаас онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн долоон хүн амиа алдаж, дэргэдэх 207 дугаар байрны оршин суугчид хоёр жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрыг буулгаж дууссан бөгөөд ирэх хавраас шинээр барилгын ажлыг эхлүүлэх талаар нийслэлийн удирдлагууд мэдэгдээд буй.
