☀️ -9.8 🌙 -24.1
3,565.02

Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн АН-ын дарга нар

Улсын дээд шүүх 2026 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Ардчилсан намын хөтөлбөр, дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд нийцсэн хэмээн үзэж, албан  ёсоор бүртгэсэн. Ингэснээр Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн дагуу намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна. Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал ажлаа хүлээлгэн өгч, түүний оронд Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өчигдөр /2026.01.15/ мэдээлсэн юм. 


Н.Ганибалын хувьд нэг жил зургаан сарын хугацаанд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Түүнчлэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Ардчилсан намын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогт, дэд даргаар ажиллаж байсан Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг мөн чөлөөлж буй. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /2023.08.29/ хуралдаж, дээрх албантушаалтнуудыгтомилж байв.

Үүнээс гадна Ардчилсан намын Улс төрийн зөвлөлд багтдаг С.Одонтуяа, Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Н.Лхагвадорж, О.Амартүвшин, Б.Жаргалан, Б.Ган-Очир, Х.Болормаа, С.Батзаяа Ц.Одонтунгалаг, Ц.Оюундарь, М.Чимиддорж, Н.Пунцаг, Н.Жавзанпагма, Д.Эрдэнэбат, А.Ганбаатар, Б.Баянмөнх, С.Эрдэнэ, Л.Одсэр, Э.Тамир, И.Нарантуяа, Л.Даваасүрэн нарыг ч мөн албан тушаалаас нь ийнхүү чөлөөлж байна.

Ардчилсан нам цаашид Үндсэн дүрмийнхээ хүрээнд таван дэд даргыг томилно.

Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах юм. Улмаар их хурлаар батламжилсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, албан ёсоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон улс төрийн зөвлөл, дэд дарга нарыг томилох юм. Мөн Үндсэн дүрмийн дагуу бодлогын зөвлөл байгуулах аж.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл энэ удаагийн намын дүрмийн шинэчлэл зүгээр нэг хуульд нийцүүлсэн процесс биш намыг цаашид Ардчилсан намын ирээдүйг бүтээх боломж хэмээн тодотгосон. Мөн үүний хажуугаар улс төрийн хүрээнд зарчмын байр сууриндаа тууштай зогсож, төрийн данхар бүтцийн эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлээд буй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ