☀️ -9.8 🌙 -24.1
3,565.02

АУДИТ: Хэмнэнэ гэж баталсан хуулийн цоорхой

Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү хэмнэлттэй, ил тод, үр ашигтай болгох зорилготой Төрийн хэмнэлтийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Дөрвөн бүлэг, 22 зүйлтэй энэ хуульд 2025 оны нэгдүгээр сар хүртэл нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч бодит амьдрал дээр үр дүн нь төдийлөн мэдрэгдэхгүй байна. Үүнийг батлах хамгийн тод жишээ бол Аудитын байгууллагын дүгнэлт. Хуулийн зорилго нь төрийн бүх шатны байгууллагын санхүүгийн сахилга батыг сайжруулах, үрэлгэн байдлыг хязгаарлах байсан ч хэрэгжилт нь нэр төдий байгааг аудитын баримт харуулж байна. 


ХУУЛЬ ХЭРЭГЖСЭН ҮҮ, ЭСВЭЛ ХЭРЭГЖСЭН МЭТ ХАРАГДАВ УУ?

Аудитын дүнгээс харахад нийслэлийн харьяа зарим байгууллага хуульд заасан хязгаарлалт, хангамжийн дэглэмийг огтхон ч тоогоогүй байна. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5-12 дугаар зүйлд заасан зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэжээ. Тэргүүн дэд, дэд, орлогч даргын орон тоо, албаны тээврийн хэрэгсэл, дүрэмт хувцас, томилолт, бусад хангамж, цалин урамшуулалтай холбоотой 124 зөрчил илэрч, 3,067.2 сая төгрөгийг хууль зөрчин зарцуулсан нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, “хэмнэнэ” гэж тунхагласан бодлого ажлын өрөөнөөс цааш гарч чадсангүй.

Түүнчлэн тус хуулийн 15 дугаар зүйлд төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд тавих хатуу хориглолт, авах арга хэмжээг тодорхой заасан. Гэвч аудитын явцад эдгээр заалтыг зөрчсөн олон тохиолдол илэрчээ.

Аудитаар илэрсэн баримтуудаас дурдвал:

  • Хуульд заагаагүй хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал олгож 310.1 сая төгрөг зарцуулсан,
  • Барилга байгууламжид дулааны тоолуур ашиглах, хэмнэлтийн горим мөрдөөгүй гурван зөрчил илэрсэн,
  • Нөөцлөх шаардлагагүй бараа, материалыг удаан хугацаанд, их хэмжээгээр бэлтгэж 544.4 сая төгрөгийн үр ашиггүй нөөц бүрдүүлсэн,
  • Төсвийн хөрөнгөөр 421.2 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авсан,
  • Олон нийтэд мэдээлэхээс өөр зорилгоор 99.6 сая төгрөг зарцуулсан зэрэг нь хэмнэлтийн бодлоготой огт нийцэхгүй үйлдлүүд юм.

Эдгээр зөрчлийн улмаас нийт 4,384.5 сая төгрөгийг хэмнээгүй, өөрөөр хэлбэл төр өөрөө өөрийн баталсан хуулийг үл тоосон нь баримтаар нотлогдож байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛДАА

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нарийн төлөвлөж, үр ашигтай хэрэгжүүлэх ёстойг тодорхой заасан. Гэтэл 2023-2024 онд хэрэгжсэн худалдан авах ажиллагаанд ноцтой зөрчил олноор илэрчээ.  

Нийт 1,792 худалдан авах ажиллагаанаас 103,021.6 сая төгрөгийн хэмнэлт үүссэн ч үүнээс 22,365.6 сая төгрөгийг хууль зөрчин зарцуулсан байна. Мөн хугацаанд нь хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн байхад 65,134.2 сая төгрөгийн өртөгтэй 104 төсөлд гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан нь хуулийг шууд зөрчсөн үйлдэл юм.  


Үүн дээр нэмээд, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зураг төсөвгүйгээр баталсан 9,408.5 сая төгрөгийн өртөгтэй 32 төсөл нь мөн хуулийн шаардлагыг хангаагүй ноцтой зөрчилд тооцогдож байна.

Хуулиар худалдан авах ажиллагааг цахимаар, ил тод зохион байгуулах ёстой ч 2023-2024 онд нийслэлийн харьяа байгууллагуудад 549 зөрчил илэрч, 18,118 сая төгрөгийн дүнтэй зөрчил тогтоогджээ.  

Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байж, 732,389.1 сая төгрөгийн мэдээллийг хугацаанд нь эсвэл огт мэдээлээгүй нь төрийн ил тод байдлын зарчим бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгааг харуулж байна. 


Аудитын дүнгээс харахад нийслэлийн харьяа байгууллагын 58.6 хувь нь Төрийн хэмнэлтийн тухай хуулиар тогтоосон хангамж, хязгаарлалтыг мөрдөөгүй, бага зардлаар өндөр үр дүн гаргах зорилго бодитоор биелээгүй байна. Хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд ажилласан хэдий ч үр нөлөө хангалтгүй, илэрсэн зөрчлүүд давтагдсаар байгаа нь бодлогын хэрэгжилтэд системийн доголдол байгааг илтгэж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль нь зорилго, агуулгын хувьд зөв боловч хэрэгжилт, хяналт, хариуцлагын тогтолцоог эрс сайжруулахгүйгээр бодит хэмнэлт, үр ашигт хүрэх боломж хязгаарлагдмал хэвээр байна. Хууль хэрэгжсэн мэт тайлагнахаас илүү үр дүнг хэмжиж, зөрчилд хариуцлага тооцдог тогтолцоонд шилжих нь нэн шаардлагатай болоод байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ