Ерөнхий сайдыг Швейцариас ирэхэд Улаанбаатар хот харанхуй, албан өрөөндөө орж ирэхэд Тэргүүн Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт хариуцлага тооцохыг шаардсан УИХ-ын гишүүн Ө.Шижирийн албан бланк угтах нь. Эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж чадаагүй үндэслэлээр хариуцлага тооцохыг Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.
Б.Чойжилсүрэн сайдын хувьд дөрөв дэх жилдээ Эрчим хүчний яамыг удирдаж байгаа бол Тэргүүн Шадар сайд Т.Доржхандын хувьд эрчим хүч экспортлох үлгэр ярьсаар хоёр дахь жилтэйгээ золгосон.
Энэ хугацаанд ДЦС-III-т дэлбэрэлт болж, эрдэнэт хүн амиа алдсан ч эрхтэн дархтнуудаас хэн нь ч хариуцлага хүлээгээгүй юм. “Эрчим хүчний үнийг бодит өртөгт нь хүргэлгүй, төрөөс олон жил барьснаас Дулааны цахилгаан станцуудын техникийг шинэчилж чадалгүй осол гарч, харамсалтай явдал боллоо” гэдэг тайлбараар биеэ өмөөрцгөөгөөд хариуцлагаас мултарсан. Харин энэ удаад ДЦС-IV-т эвдрэл гарч, улсын нийслэл нь хөлдөх эрсдэл нүүрлэснээр огцруулах асуудалтай нүүр тулж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд Ардчилсан намын бүлгээс хоёр дахь удаагийн шаардлага хүлээн авлаа. Дэд сайд нараа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулахаа мэдэгдэж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнгөрсөн сард шаардлага хүргүүлсэн. УИХ-ын намрын чуулганыг хааснаар хэсэгтээ амьсгаа авахтайгаа болсон ч УИХ-ын хаврын чуулган эхлэхэд асуудал дахин сөхөгдөнө. Учир нь, Ардчилсан намын дарга дээрх асуудлыг үргэлжлүүлэн тавихаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хувьд дэд сайд нараа буцаан татаагүй суутал танхимын хоёр сайдаа огцруулах шаардлага авснаар асуудал нь нэмэгдэж байна. Шүд сугалах уу, эсхүл гүрийж сууж байгаад засгаа хөнтрүүлэх үү. Сонголт Ерөнхий сайдад бий.
Сайд Б.Чойжилсүрэнг чөлөөлж, орны хүнийг томилж болох ч Т.Доржхандыг Шадар сайдаас нь чөлөөлсөн нөхцөлд ХҮН нам Засгийн газраас гарна, энэ тохиолдолд танхимд том хөдөлгөөн орно.
МАН ИЗНН-тай хамтраад Засгийн газраа цааш үргэлжлүүлэхэд асар хүндрэлтэй. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ерөнхий сайд танхимаа авч явж чадахгүй бол хамаг төлөвлөгөө нь нурна. Ардчилсан намтай зөвшилцөх үү, аль эсхүл тулалдаад ард нь гарах уу. Дайтаад ард нь гаръя гэхэд ХҮН эргэн ноцохоос эхлээд МАН-ын бүлгээс гишүүд нь танхимынхаа эсрэг ажиллавал зогсоох хүч байхгүй.
Засгийн газраас 2026 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад анхаараагүйн зэрэгцээ УИХ-аар төсвийг боловсруулах шатанд 20 тэрбум төгрөг танасан нь даарин дээр давсан үрсэн хэрэг болж, “гал” тавьж эхэллээ.
УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Х.Баасанжаргал нар “Х.Ганхуяг гишүүн улаан, ногоон лааз өргөж, гишүүдийн саналд нөлөөлж парламентын дархлаанд халдлаа” гэж шүүмжилсэн. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв задарч болзошгүй аюулаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг аварсан” гэж магтаж байсан ч хамгийн чухал салбарынхаа хөрөнгө оруулалтыг танасан нь эргээд хариуцлагын асуудал хөндөхөд хүргэж буй.
Дээр нь сайд Б.Чойжилсүрэн “цахилгаан, дулааны үнийг бодит өртөгт нь хүргээгүйгээс эрчим хүчний салбар өр ширэндээ баригдлаа” гэдэг үгийг олонтаа тоочиж ирсэн ч эрчим хүчний үнийг нэмээд үр дүн гараагүй, нэмэлт орлого нь ёроолгүй сав руу орсон мэт алга болсныг сануулах хүн олон байна. Тухайлбал, 2016 онд айл өрхийн цахилгааны тариф нэг кВт.ц тутамд дунджаар 122 төгрөг байсан бол өнөөдөр 280 төгрөгт хүрч, 2.3 дахин өссөнийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тодотгосон. Нэг үгээр хэлбэл, эрчим хүчний үнийг өсгөснөөр 2025 онд 556 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон ч үр дүн гарсангүй.
Улсаас татаас олгож ирсэн ч бас өөдөлсөнгүй, өр ширэндээ баригдсан хэвээр байна.
Олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл татан, төсөл хэрэгжүүлэхээр албан тушаалтнууд нь чадваргүй компани шалгаруулснаас өнөөдөр 10 аймаг дулааны асуудалтай нүүр тулаад буй. Дээр нь Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер П.Товуудорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн туслах Б.Нямаа нарыг шалгаж эхэлсэн нь улам ч асуудлыг хурцатгаж буй.
Иймээс Ерөнхий сайдад засгаа авч үлдэхийн тулд нам дотроо хэр бяртай байгаагаа, парламент дахь улс төрийн намуудтай хэрхэн зөвшилцөж, ойлголцож чадахаа одоо л харуулах цаг ирж байна. Чойжоо, Хандаа хоёрыгоо явуулах уу, авч үлдэх үү.
Г.ХОРОЛ
