Эдийн засагчБ.Хаш-Эрдэнэтэйцаг үеийн асуудлаарярилцлаа.
-2026 он дотоодын эдийн засаг, дэлхийн геополитикийн томоохон сорилттой эхэлж байна. Ер нь энэ оны эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ. Эдийн засгийн хамгийн том сорилт юу байх бол?
-Монгол Улсын 2026 оны эдийн засгийн нөхцөл байдлыг өмнөх оныхоос сайжирна гэж харахгүй байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын экспортын орлого нэмэгдэх төлөв харагдахгүй байна. Учир нь экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байгаа ашигт малтмалын, тэр дундаа нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдэх төлөв байхгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна. Ийм тохиолдолд бид нүүрсний экспортын биет хэмжээг өсгөхийг зорих шаардлагатай боловч өнөөдрийн байдлаар энэ хэмжээ хилийн боомтын хүчин чадлын дээд хэмжээндээ хүрчихсэн байгаа тул хилийн гарц л нэмэгдэхгүй бол энэ жил нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэх бараг боломжгүй.
Хоёрдугаарт, валютын ханш, инфляцийн өсөлт, ялангуяа цахилгаан, дулаан, түлш шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн зардал нэмэгдэж, борлуулалт буурч, ашигт ажиллагааны түвшин дийлэнх салбаруудад буурлаа.
Энэ хүндрэлийг 2026 онд даван туулах, сөрөг үр дагаврыг арилгахад илүү анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болоод байна.
Гуравдугаарт, 2025 онд 4.2 тэрбум орчим ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэсэн статистик зарлаж байсан. Тэгэхээр энэ нь өмнөх жилүүдийн түвшинтэй ойролцоо байгааг харуулж байгаагаас үзэхэд гадаад валютын ханшийг тогтвортой байлгахын тулд Монголбанк мөн л хатуухан ажиллах байх гэсэн хүлээлтийг бий болгож байна. Түүнийг дагаад эдийн засаг, бизнесийн идэвхжил өмнөх жилээс илүү сайжрах боломж бага байх болов уу гэж харж байна. Гадаад зах зээлийг харахад, тодорхой бүс нутгуудад мөргөлдөөн шинээр бий болж, зарим нь үргэлжилж байгаа нь хөрөнгийн урсгалыг Ази, Америкийн зах зээл рүү чиглүүлж байгаа хэдий ч энэ хоёр бүс нутгийн хувьд ч татварын маргаанаас гадна улс төрийн маргаан гарч магадгүй гэж сэрэмжлүүлж байна. Энэ нь хэдийгээр хөрөнгийн зах зээлээр дамжин Монголд илт мэдрэгдэхгүй ч дам нөлөөллийг нь бид хүртэх л болно. Ялангуяа Монголын гол худалдан авагч болон өргөн хэрэглээний барааны гол нийлүүлэгч БНХАУ-ын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал дордох уу, сайжрах уу гэдгээс Монголын эдийн засаг маш хүчтэй хамааралтай байх болно.
–Яг одоо аж ахуйн нэгжүүд ямар нөхцөл байдалтайбайна вэ?
-Одоогоор аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байхад борлуулалт багасч, иргэдийн худалдан авах чадвар улам л муудаж, бизнесийн зардлууд өссөн зэрэг хүчин зүйлүүдтэй холбоотойгоор ашигт ажиллагааны түвшин буурсан байна. Үүнээс улбаалан дийлэнх аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг яаж хойшлуулалгүй тогтвортой тавьж байх вэ гэдэг дээрээ хүртэл тулаад байна.
Өөрөөр хэлбэл, бизнесээ өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах талаар бодох ч боломжгүй л болсон.
Арайхийн ажлын байраа хадгалж үлдэх асуудлаа л шийдэж ядаж байна. Дээр нь хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь үнэтэй байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дотоодын томоохон хөрөнгө оруулагчдын зарим нь дотооддоо биш гадаад руу хөрөнгө оруулалтаа гаргаж эхлээд байна. Энэ бүхэн бол дотоодод бизнесийн орчин улам муудаж, зах зээл улам л хумигдаж байгаагийн дохио юм.
-Шинэ оны эхнээс багш нарын цалин 50 хувь, эмч нарын цалин 30 хувиар нэмэгдсэн. Эргээд махны үнэ тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө. Инфляцийн түвшинг албаныхан 7-8 хувьтай гэж ярьж байна. Бодит амьдралтайнийцэж байна уу, инфляцийн түвшин?
-Үнэнийг хэлэхэд, олон нийтэд зарлаж байгаа нэг оронтой инфляцийн түвшинг би бодитой гаргаж байгаа эсэхэд эргэлздэг болоод байгаа. Таны асуулт цалингийн өсөлттэй холбож асууж байгаа тул инфляцийн өсөлтөд цалингийн нэмэгдэл шууд хүчтэй нөлөөлдөг гэж бодохгүй байгааг хэлэх хэрэгтэй байх. Мэдээж практик дээр цалин нэмэгдэх сураг гарахаар л барааны үнээ өсгөдөг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ ялангуяа өнгөрсөн оны барааны үнийн өсөлт суурь бараануудын үнэ өссөнөөс маш их хамаарсан гэж бодож байна.
-Цагаан сарын баяраар тэтгэвэрийн зээл эрс нэмэгддэг. Тэтгэврийн зээлийн асуудлыг ахмадууд хөндөж байна. Зээлийн хугацааг сунгаж, тэтгэврийг 80 мянгаар нэмсэн нь хангалтгүй байгаа учраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж 50 хувь нэмүүлэх шаардлага тавьж байна. Энэ хэр бодитой шаардлага гэж харж байна вэ?
-Миний хувьд ингэж тэтгэврийн хэмжээг автоматаар нэмэхийн эсрэг байдаг. Өнөөдөр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцооны байгаа байдал, гажуудлын сөрөг үр дагавар л ингэж илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө зориулж ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ тэтгэврийн даатгал төлж байгаагүй хүмүүс дийлэнхдээ хамгийн бага тэтгэвэр авч байгаа. Энэ чинь зөв шүү дээ. Харин ч Монгол Улс “Эв хамтын тэтгэврийн тогтолцоо”-той учраас л энэ хүмүүст одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын төлсөн даатгалаас тэтгэвэр өгч байгаа. Өөр тогтолцоотой байсан бол өөрийнхөө төлөө даатгалаа хуримтлуулаагүй хүмүүст тэтгэвэр өгөх ч үгүй байх байсан.
Бас нэг гажуудал бол “поп”, “сонгогчиддоо хайр зарладаг” улстөрчдийн гайгаар гэнэт гэнэт даатгалыг нь нөхүүлэх гэх мэт шийдвэр гаргаж байснаас болж улсын төсөв жил бүр хэчнээн их наядын алдагдалд ордог.
Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгал төлж байгаагүй хүмүүсийг төлсөн болгож бичилтүүд хийлгэснээс болж энэ хүмүүст илүү тэтгэвэр олгож байна гэх мэт олон гажуудал байгааг засах ёстой.
Одоо бид маш зоригтойгоор “Та ажил хийж байхдаа өөрийнхөө төлөө тэтгэврийн даатгалын санд мөнгө төвлөрүүлж байгаагүй бол танд өгөх тэтгэвэр байхгүй” гээд нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийх л хэрэгтэй.
Яагаад өөрийнхөө төлөө ажиллаагүй хүмүүсийн тэтгэврийг өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуусын халааснаас гаргах ёстой юм.
-Засгийн газраас Татварын багц хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл эдгээр хууль хэрэгжих хугацаа 2027 оноос наашгүй. Нийгэмд энэ хуулиудыг баталчихвал бүх асуудал нэг зэрэг шийдэгдэх юм шиг хүлээлт үүсгэж байна?
-Ганц нэг хуулийг өөрчиллөө гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй хэдий ч бид байнга сайжруулалт хийсээр л байх ёстой. Тийм ч учраас бизнесийн харилцаанд хамгийн чухал хуулиудад засах зүйлсийг засч, сайжруулж байх нь зайлшгүй чухал үйл явц юм. Ийм ч учраас татварын хуулиудын өөрчлөлтийг бизнес эрхлэгчид маш анхааралтай ажиглаж, өөрсдийн саналыг хүргүүлэх, ойлгуулах асуудал дээр идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ хувийн хэвшлийнхэн татварын хувь хэмжээг буулгаж өгөөч гэж огт хүсээгүй. Харин татварын тогтолцооны хэрэгжилтийн явцад үүсдэг давхардлуудыг арилгах, ойлгомжтой болгох, зарим давхардсан татвар авч байгааг засах шаардлагатай байна л гэж саналаа хүргүүлж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хувьд энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хууль шиг “малгай” хууль болох ёстой гэж харж байна.
Хэдийгээр Монгол Улсын иргэний бизнес эрхлэх эрхүүдийг Үндсэн хуульд тунхаглаж үүнтэй холбоотой бусад хуулиуд нь гарч хэрэгжиж байгаа боловч эдгээр хуулиуд нь иргэн-иргэн хоорондын, иргэн-аж ахуйн нэгж хоорондын харилцааг хангалттай зохицуулсан. Харин иргэн-төр, аж ахуйн нэгж-төр хоорондын харилцааны тэнцвэрийг хангаж чадаагүй хэвээр байгаагаас болж төр нь бизнес эрхлэх гэх мэтээр зах зээлд хэт оролцоод байгаагийн нэг шалтгаан болоод байна гэж үзэж байна. Иймээс л “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” нь “малгай” хууль болж цаашид төрийн институциуд мөрдөж явах ёстой зарчмуудыг нь тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь ядаж л энэ хуулиар төр ямар салбаруудад өөрсдөө төрийн өмчтэй компани байгуулах замаар оролцохгүй байх талаар тодорхой зааж өгөх хэрэгтэй. Ингэхгүй болохоор л “Ард түмэндээ хайр зарлах” болохоороо л бид энд оролцоно гээд л төрийн өмчтэй компани байгуулаад л гольдролоороо явж байсан зах зээлийг самарч хаячихаад байна шүү дээ.
-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлдэг.Зарим эдийн засагчид дэлхийн зах зээл дээр үнэ өсч буй алт, зэсийн экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг хэлж байна?
-Дээр дурьдсанчлан нүүрсний үнэ одоогийн байгаа түвшингээс өсөхгүй гэсэн судалгааг олон улсын судлаачид хэлж байгаа. Харин таны хэлдгээр үнэ нь өсч байгаа бүтээгдэхүүнүүдээ идэвхтэй экспортлох нь мэдээж зөв.
