Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи засгийн газрын эсрэг жагсаж буй иргэдийг “үймээн дэгдээгчид” хэмээн нэрлэж, тэд АНУ-ын ерөнхийлөгчид таалагдахыг оролдож байна гэж мэдэгдлээ. Мөн Иран улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд АНУ эдгээр жагсаалын ард байгаа зохион байгуулагч, хүчирхийлэл үүсгэгч гэж буруутгасан захидал илгээсэн байна. Жагсаал арванхоёрдугаар сарын 28-нд эдийн засгийн асуудлаас үүдэн эхэлж, 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Иранд болсон хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болжээ.
Зарим жагсагчид засгийн газрыг татан буулгахыг шаардаж, зарим нь хаант засгийг сэргээхийг уриалж байна.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, дор хаяж 48 жагсагч, 14 аюулгүй байдлын албан хаагч амиа алджээ. Мөн 2,200 гаруй хүн баривчлагдсан байна. Өөр нэг байгууллага есөн хүүхэд оролцуулан нийт 51 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Иран улсад бараг л интернэт сүлжээг хаасан тул дотоод нөхцөл байдлын талаарх мэдээлэл хомс байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг “том асуудалд орлоо” хэмээн мэдэгдэж, засгийн газар иргэдээ хөнөөсөөр байвал хатуу хариу авна гэж анхаарууллаа. Гэхдээ АНУ цэрэг оруулахгүй гэж тэрбээр хэлсэн юм.
Хаменеи телевизээр үг хэлэхдээ Иран ухрахгүй, “сүйтгэгч элементүүд”-тэй хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
Мөн Ираны НҮБ дахь Элчин сайд АНУ-ыг Ираны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгав. Харин Ираны аюулгүй байдлын байгууллагууд жагсагчдад “ямар ч өршөөл үзүүлэхгүй” хэмээн анхааруулжээ. Их Британи, Франц, Германы удирдагчид жагсагчдыг хөнөөсөн явдлыг буруушааж, Ираны эрх баригчдыг тайван жагсаал хийх иргэдийн эрхийг хүндэтгэхийг уриалсан байна. НҮБ мөн хүний амь эрсэдсэнд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
