ОХУ Европтой дайны өмнөх үеийн дипломат харилцаагаа сэргээхэд бэлэн гэж Владимир Путин Пүрэв гаригт /2026.01.15/ мэдэгджээ. Украин дахь дайнаас хойш ОХУ, Европын харилцаа түүхэн доод түвшиндээ хүрээд буй. Шинэ томилогдож ирсэн гадаадын Элчин сайдуудад зориулсан Кремлийн албан ёсны арга хэмжээний үеэр Путин эл мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр "Европ, ОХУ хоорондын албан болон бизнес харилцаа огцом буурсан, тэр дундаа хамгийн чухал гадаад бодлого бүр царцсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөхцөл байдал өөрчлөгдөж, хэвийн, бүтээлч яриа хэлэлцээ сэргэнэ гэдэгт итгэж байна. Үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлын хууль ёсны асуудлыг харгалзан үзэх нь найрсаг харилцааг сэргээх урьдчилсан нөхцөл. ОХУ энэ чиг хандлагыг баримталсаар ирсэн, одоо ч баримталж байна. Бид шаардлагатай түвшинд харилцаагаа сэргээхэд бэлэн байна. Орос, Европын харилцаа гүн гүнзгий түүхэн үндэс суурьтай бөгөөд харилцан ашигтай түншлэл, харилцан баяжуулсан соёлын хамтын ажиллагааны жишээнүүдээр дүүрэн" гэжээ.
Мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн сард "Европ ойрын хугацаанд Кремльтэй шууд харилцаж эхлэх нөхцлийг бий болгох ёстой" гэжээ.
Путин хэдийгээр харилцаагаа сэргээхэд бэлэн гэж байгаа ч бодит байдал өөр байгааг албаны хүн хэлэв. Тодруулбал, Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Паула Пино өнгөрсөн Даваа гаригт /2026.01.12/ "Харамсалтай нь бид ерөнхийлөгч Путины зүгээс ямар нэг оролцоо олж харахгүй байна. Тэгэхээр бид арай болоогүй л байна гэсэн үг" гэжээ.
Путины мэдэгдлээс өмнө Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони "Европын холбоо Оростой дээд түвшний яриа хэлэлцээгээ сэргээх цаг болсон" гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
