Үндэсний их баяр наадмын тухай хуулийн есдүгээр зүйлд 9.1-д "Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана" гэж заажээ. 2026 оны тухайд Их Монгол Улсын 820 жилийн ой тохионо. Тиймээс 1024 бөх барилдах учиртай. Өөрөөр хэлбэл, арван даваатай барилдаан болно.
Арван даваатай наадам болсон тохиолдолд шинэ улсын цолтнууд, цолоо ахиулсан бөхчүүд олон төрдөг учиртай. Тэр дундаа аварга, арслан бүр дархан аварга ч тодрох боломжтой билээ.
Дээрх хуульд дараах байдлаар заажээ.
- 9.3.8.улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлсэн бол улсын аварга
- 9.3.9.ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол улсын аварга
- 9.3.11.улсын аварга цолтой бөх ес даван үзүүрлэсэн бол даян аварга
- 9.3.13.улсын аварга цолтой бөх 10 даван түрүүлсэн бол дархан аварга.
Заалтаас харахад аварга цолтой бөхчүүдээс түрүүлвэл дархан аварга болох боломж бий. Ялангуяа П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн өнөө цагт ид барилдаж буй аваргууд цолоо ахиулахыг үгүйсгэхгүй.
Мөн Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Э.Оюунболд гэсэн улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхчүүд үзүүрлэхэд л улсын аварга цол, түрүүлэхэд даян аварга цол хүртэх аж.
Харин өмнөх тэгш ойн наадамд үзүүрлэж арслан цол хүртсэн Б.Орхонбаяр түрүүлвэл аварга цол, үзүүрлэвэл чимэг нэмэх учиртай. Нөгөө талаараа түрүүлж үзээгүй хоёр удаа үзүүрлэсэн арслан цолтонд аварга цол олгохгүй. Аварга цолыг түрүүлж байж л хүртэх учиртай.
Хэрэв энэ жилийн наадмаар түрүүлж үзсэн арслан цолтон үзүүрлэж, улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх 10 даван түрүүлвэл хоёр аварга цолтон төрөх аж. Жишээлбэл, Б.Бат-Өлзий заан түрүүлж, Э.Батмагнай арслан үзүүрлэвэл хоёулаа аварга цол хүртэнэ.
Түүнчлэн П.Бүрэнтөгс эсвэл О.Хангай аварга үзүүрлэвэл даян аварга, түрүүлвэл дархан аварга болно.
