☀️ -20.1 🌙 -28.4
3,557.90

НҮБ: Аль ч улс бусдын нутаг дэвсгэрт өөрийн хуулиа хэрэгжүүлж болохгүй


Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсантай холбоотойгоор дэлхий нийтийн эсэргүүцэл нэмэгдсээр байна. АНУ тусгай ажиллагаагаа зөвтгөхийн тулд өөрсдийн хууль тогтоомжоо сөргүүлэн тавьж байгаа аж. Гэвч бусад улс руу халдсан үйлдлээ өөрсдийн хуулиар цайруулж болохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тухайлбал, НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвайт "Олон улсын хэмжээнд хууль хэрэгжихэд харьяаллын тодорхой хязгаар байдаг. Аль нэг улс зөвшөөрөл өгөөгүй бол тэр нутаг дэвсгэр дээр өөрсдийн хуулиа хэрэгжүүлж болохгүй. Хэрвээ аль нэг муж улс АНУ-ын оргодол гэж үзсэн хүнийг нуун дарагдуулсан бол АНУ тэдэнд хандаж, буцааж авах зөвшөөрлөө хүснэ. Цаад муж улсын зөвшөөрөлгүй бол тэнд очиж тэр хүнийг баривчлах боломжгүй. АНУ-ын шүүхийн систем тэр хүнийг яллагдагчаар татсан байсан ч хамаагүй" гэжээ.

Мадурог баривчлах нь олон улсын хууль тогтоомжид нийцээгүй үйлдэл гэдгийг батлах бас нэгэн хууль байдаг. Энэ нь аливаа улсын төрийн тэргүүн, эсвэл өндөр албан тушаалтанд гадаад улсад эрүүгийн хэрэг үүсгэх, шийтгэх боломжгүй тухай олон улсын хууль юм. Гэхдээ энэ нь тухайн хүн гэм буруугүй гэсэн үг биш, зөвхөн дархан эрхтэй албан тушаалд байх хугацаанд нь хамгаалж буй л хуулийн тогтолцоо. Тус хуулийг Олон улсын эрүүгийн шүүхээс зөвшөөрөн баталж, Вашингтон ч санал нэгдсэн байдаг.

Харин энэ удаагийн баривчилгаан дээр АНУ "Мадурог баривчилсан нь зүгээр л хууль сахиулах байгууллагын ажиллагаа. Өөр улсын эсрэг түрэмгийлэл биш" гэж өөрийгөө хамгаалж байна. Бүгд найрамдах намын сенатор Том Коттон хэлэхдээ "Энэ бол Конгресст урьдчилан мэдэгдэл хүргүүлээд байх зүйл биш. Венесуэль байна уу, Арканзас муж байна уу хамаагүй, хар тамхины наймаачныг баривчлах бүрт урьдчилан мэдэгдэл өгөөд байх шаардлагагүй" гэжээ.

АНУ-ын Хууль зүйн яам 2020 онд Мадурог хар тамхи болон галт зэвсгийн хэргээр буруутгасан. Түүний анхны сонсгол өнгөрсөн Даваа гаригт Нью-Йорк хотод болоход тэр өөрийгөө гэм буруугүй, хулгайлагдсан хүн гэж хэлсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ