МАН-ын 31 дүгээр Их хурлаас Засгийн газраа тогтвортой ажиллуулах шийдвэрт хүрсэн ч сөрөг хүчний хувьд “сөрсөн базаа” хийв.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Улс төрийн намын дарга УИХ-ын дарга байж болохгүй” гэх зохицуулалттай хуулийн төслийг парламентад өргөн мэдүүлэх болсноо өчигдөр/2025.11.17/ мэдэгдлээ. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон үндэслэлийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламентын байгууллага . УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно.
Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой.
УИХ, улс төр дагаж савалдаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа” гэж тайлбарласан юм.
Хэдийгээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс эхлээд хэлэлцэж эхлэх хүртэл тодорхой цаг хугацаа шаардаж, хуулийн процесс үргэлжлэх ч намын даргаа спикер болгохоор төлөвлөж байсан эрх баригчдын хувьд базаахгүй мэдээ.
Сөрөг хүчний зүгээс МАН-ын Их хуралд зориулж энэ асуудлыг хөндөөгүй. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөж байхад Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга хүн, намын дарга болж болохгүй, давхар дээлээ тайлаад намын даргад өрсөлдөх ёстой" гэдэг зарчмын шаардлага тавьж байсан гэдгээ мэдэгдээд буй.
Уг нь намын дарга УИХ-аа удирдаж байсан жишиг бий. Тодруулбал, 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын дарга болж, давхар дээл өмсөж байв. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад МАН-ын дарга М.Энхболд Засгийн газраа удирдсангүй УИХ-ын дарга болсон.
Парламент нь Засгийн газартаа хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхэд намын дарга хүн спикер байхад буруудах зүйлгүй гэдгийг судлаачид ч хэлдэг.
Гол нь УИХ-ын даргаар сонгогдох хүн нь ёс зүйтэй, парламентын ардчиллаа хамгаалдаг, бэхжүүлдэг, зарчим, үнэт зүйлээ хамгаалж чадах л хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, ёс зүйгүй, үнэт зүйлгүй УИХ-ын гишүүнийг УИХ-ын даргаар сонговол намын дарга мөн, биш байхаас үл хамаараад парламентын ардчилал аюулд орох эрсдэл бас бий.
Ардчилсан намын боловсруулсан дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж хуульч нар эхнээсээ байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндорж "Манай Ардчилсан нам хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой.
Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий.
Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түтгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ. Бас парламентын улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно доо" гэж жиргэсэн юм.
Мөн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН хэнийгээ УИХ-ын дарга болгох, хэнийгээ Ерөнхий сайдаар байлгах нь тухайн улс төрийн хүчний шийдэх асуудал. Хоёр талцан зодолдож байгаа 68-ын бүлгийн нэгнийх нь эрх ашгийг хамгаалсан хуулийг барьж гүйх нь сөрөг хүчний хийх ажил биш" гэдгийг ч зарим улстөрч сануулж байна.
Иймээс УИХ дахь 68-ын бүлэг дээрх хуулийн төсөлд ултай суурьтай хандах цаг ирж байна. Товчдоо судалгааг сайн хийх ёстой, судлаачдынхаа үгийг мөн сайн сонсох шаардлага бий. Үйл явдалд зориулж ойр, ойрхон УИХ-ын дэгийн тухай хуулиа өөрчлөөд байвал парламентын ардчилал хэврэгшинэ.
Уг нь МАН-ын Их хурал эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд 68-ын бүлэг эвлэрэлд хүрснээ зарласан. Гэвч Их хурлаар намынхаа дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх үед талцсан байдаг. Иймээс Засгийн газрыг Үндсэн хууль зөрчин унагах гээд бараагүй П.Сайнзориг нарын гишүүдийн хувьд Ардчилсан намын бүлгийнхний санаачилсан төсөл хүслийг нь гүйцээх далим болж харагдаж байхыг ч үгүйсгэхгүй.
Энэ тохиолдолд МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга боллоо ч хууль батлагдсан нөхцөлд сул гишүүн болж үлдэнэ. Улс төр дэх эрх мэдлээ зузаатгахын тулд давхар дээл өмсөх шаардлага үүснэ. Хүсээгүй боловч хуулийн өөрчлөлтөд шахагдаж улс төрд хүчээ нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрыг удирдахаас аргагүй нөхцөл байдалд орно. Энэ тохиолдолд дахин Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүснэ. Засгийн газар ойр, ойрхон солигдох нь улс төрийн хүрээнд ч, нийгэмд ч тогтворгүй болгох эрсдэл бий.
МАН-ын 68-ын бүлэг Их хурлаасаа гаргасан шийдвэрээ хамгаалж үлдэх бол Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад нэгэн цул болж ажиллах шаардлага үүсэж байна. Сөрөг хүчний хувьд МАН эв нэгдэлтэй эсэхийг сорих сорилтоо эхлүүллээ.
