☀️ -7.1 🌙 -23
3,558.20

С.Цэрэнчимэд 8, Э.Даваанасан 5 дахь удаагаа түрүүллээ


МУГТ Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2026.01.09/ эрэгтэйчүүдийн 57, 61, 65 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд болов.

53 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт Б.Отгонтуяа түрүүлэв. Тэрбээр 2025 онд 55 кг-д аваргалсан бол өнөө жил 53 кг-д түрүүлснээр Улсын хошой аварга боллоо.

Энэ жинд “Дархан Хасу FOHOW” клубийн бөх, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Ц.Намуунцэцэг хоёр жил дараалан үзүүрлэв. Түүний хувьд, Насанд хүрэгчдийн УАШТ-ий 50 кг-ын жинд дөрвөн түрүүтэй бөх юм.

Харин “Дархан Хасу FOHOW” клубийн бөх Г.Цовоо Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хошой хүрэл медальтай боллоо.       


62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд түрүүлэв. Энэ нь түүний хувьд, улсын аваргаас гардаж байгаа 8 дахь алтан медаль боллоо.

Тус жингийн дэд аваргаар “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Алтжин тодорсон. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ий 59 кг-ийн жинд түрүүлж байсан юм. Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны бөх Б.Хулан гардсан.


76 кг-ын аваргын алтан медалийг “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан гардлаа. Тэрбээр УАШТ-д 5 дахь удаагаа түрүүлж буй нь энэ юм.

Харин мөнгөн медалийг Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин, “Улаанбаатар опен-2025” тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Уртнасан хүртэв.

“Хилчин” спорт хорооны тамирчин Т.Түвшинжаргал өрсөлдөгчөө 3:1 онооны харьцаатай буулган авснаар хүрэл медалийн эзэн боллоо.


Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх Г.Батнасан аваргаллаа. Тэрбээр 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан.

Тус жингийн мөнгөн медалийг “Хилчин” спорт хорооны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Занабазар хүртлээ. Түүний хувьд, УАШТ-д хоёр жил дараалан үзүүрлэв.

Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин Д.Цэрэндондов, “Дархан Хасу Fohow” клубийн тамирчин П.Дашцэрэн нар гардсан юм.


65 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Зэнээмэдэр түрүүллээ. Тэрбээр 2025 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол өнөө жил амжилтаа ахиулаад ийнхүү аваргалсан юм.

Харин Баянгол дүүрэг “Аваргууд” академийн тамирчин Д.Төрбаярын хувьд, энэ жинд хоёр жил дараалан финалдаж, хошой мөнгөн медальтан боллоо.

Хүрэл медалийг “Байдрагийн хүчтэн” дэвжээний Я.Үржинжав, “Тэх Мөнх” клубийн Б.Гантулга нар гардлаа.

ЭХ СУРВАЛЖ: Монголын чөлөөт бөхийн холбоо

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ