Баялгаасаа олох энэ хэмжээний орлогыг алдах нь Монголд нэн ашиггүй. Дээрх хэмжээний мөнгөө газар булчихсан гэх хөрөнгө оруулагч талдаа ч ашиггүй. Хэлэлцээр буруу тийшээ эргэвэл хоёр тал хоёулаа хожигдох сорилттой тулгарна.
Оюутолгой. Монгол төдийгүй дэлхийд аварга орд. Батлагдсан хүдэр 6.3 тэрбум тонн, 43.6 сая тонн зэс, 1838 тонн алт, 11.7 мянган тонн мөнгө, 203 мянган тонн молибдений нөөцтэй. Ашиглаад, ашиглаад үүний тал нь газартаа хаягдана гэж байгаа ч асар их баялаг. Зүйрлэвэл, хоёр Эрдэнэттэй тэнцэх зэс, 22 Бороогийн уурхайн дайны алт, бүхэл бүтэн Асгатын ордны хэмжээний мөнгөтэй тэнцэнэ.
Монголын төр энэ баялгийн 53 хувийн өгөөжийг хүртэх шийдвэрээ өнгөрсөн оны төгсгөлд гаргасан. Энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьд сорилт төдийгүй баялаг дагасан олон жилийн эргэлзээг тайлах боломж ч байж мэдэх юм. Ямартай ч Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хувьд 2026 он Монголын талынхантай хэлэлцээний ширээний ард суусан халуухан жил болох хүлээлт үүсгэв.
Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын тэргүүн УИХ-ын тогтоолыг биелүүлэх үүрэгтэй гэдгээ зарлан, “Оюутолгой” ХХК, хөрөнгө оруулагч “Рио тинто” группийн удирдлагуудад хандана гэдгээ мэдэгдсэн. Засгийн газраас томилсон Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээрийн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилснээ хэвлэлээр уламжлав.
Улс төрийн хувьд Монголын төр засгийг зүүний баримжаатай фракцынхан удирдаж байгаа. Монголын талын хэлэлцээрийн багийг тэд ахална. УИХ олонхоороо Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэх урт нэртэй тогтоол баталсан.
Нэмэлтээр оросын талаас Оюутолгойтой холбоотой шүүхийн маргаан эхлүүлсэн зэргийг барууны баримжаатай улстөрчид сануулсан нь тохиолдлын хэрэг биш. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого энд хаягдах ёсгүй.
Эдийн засгийн хувьд Монгол Улсад орж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувийг Оюутолгой дангаараа бүрдүүлдэг. “Оюутолгой” компани 2010 оноос хойш Монгол Улсын төсөвт 13.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төлсөн. Уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааны хүрээнд нийт 53.3 их наяд төгрөгийг Монголд оруулж “газарт булсан” гэдгээ танилцуулдаг. Асар их баялаг дагасан монголчуудын урьд хожид сонсож байгаагүй их мөнгө. Цаашид Монгол Улсад төлөх татварын хэмжээ жилд хоёр ч биш, гурав дахин өсөөд явах дүр зураг танилцуулж байгаа. Баялгаасаа олох энэ хэмжээний орлогыг алдах нь Монголд нэн ашиггүй. Дээрх хэмжээний мөнгөө газарт булчихсан гэх хөрөнгө оруулагч талдаа ч ашиггүй. Хэлэлцээр буруу тийшээ эргэвэл хоёр тал хоёулаа хожигдох сорилттой тулгарна.
Нөхцөл байдал нь асар өндөр хүүтэй зээлээр бүтсэн далд уурхайн бүтээн байгуулалт бүрэн дууссан. Баялгийн олборлолт жигдэрсэн энэ үед дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш таатай байгаа зэрэг. Техникийн талаасаа ч далд уурхайн олборлолт зогсох эрхгүй бөгөөд цаг алдвал сая, сая ам.доллар урсдаг цаг үе тохиож буй. Яг энэ цаг үед УИХ-ын түвшинд бүх нийтийн ил сонсгол зохион байгуулсан нь эгзэгтэй.
Оюутолгойд орсон хөрөнгө оруулалтын дийлэнх нь менежментийн зардал, зээлийн өндөр хүү гэх зэргээр эргээд гадагшаа урсчихдаг. Оруулж ирсэн хөрөнгө оруулалтынхаа дийлэнх хэсэг буюу 70 орчим хувийг нь “Рио тинто” компанийхан өөрсдөө халааслаад гардаг гэх ойлголтыг Хяналтын сонсголын үеэр Монголд ард иргэд авсан.
Сонсголоор бол монголчууд хожиж харагдсан. Харин хэлэлцээний ширээний ард юу болохыг таашгүй.
Одоо нэгэнт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр гарчихсан. Төрийн бүх шатны байгууллага Засгийн газраар манлайлуулан УИХ-ын тогтоолыг биелүүлэхээр ажиллаж эхэлсэн. Засгийн газраас гарсан “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшигч “Рио тинто” компанитай хэлэлцээ хийх ажлын хэсгийн болзол ойлгомжтой. Оюутолгой ордыг барьцаалаад авчихсан байгаа зээлийн хүүг бууруулах, бүлэг ордыг нэгтгэх, компанийн орлогыг Монголбанкаар дамжуулах зэрэг асуудал тавина. Эдгээрийг нэгтгээд Монголын талын нийт хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэх нь тогтоолын үндсэн агуулга. Харин “Оюутолгой” ХХК-ийн зүгээс Хяналтын сонсголтой холбоотой 2025.11.23-ны өдөр гаргасан тайлбартаа, “Монгол Улсад 61 хувийн өгөөж ногдоно” гэх тооцоололтой байна.
Мөн тогтоолоор тагнуул, цагдаа, АТГ-т Оюутолгойтой холбоотой баримтыг нягтлан шалгах Хяналтын сонсголоор ил болсон гэмт хэргийн шинжтэй зүйлсийг шалгахыг даалгасан. УИХ-ын Түр хорооноос зохион байгуулсан сонсголын үеэр хөрөнгө оруулалтын луйвар, менежментийн хулгайн шинжтэй олон асуудал хөндөгдсөн.
“Оюутолгой” болон “Рио тинто” компанийн зүгээс одоогоор УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
