☀️ -20.1 🌙 -28.4
3,557.90

Үнэ нь хадсан, үйлчилгээ нь унасан Монголын аялал жуулчлал

Сүүлийн жилүүдэд Монголд зочлон ирэх жуулчдын тоо өссөн сайн мэдээ байгаа ч дэд бүтцээ шийдээгүй нь асуудал дагуулсаар… Үүний ганц жишээ бол модон жорлон. Өнөөдөр ч боловсон жорлон, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байгаа нь XXI зууны эмгэнэл юм. Хээр талд хог нь хийсч, хүмүүс нь энд тэндгүй морь харцгаана. Гадаадын алдартай одод, инфлүүзерүүд нь Монголын модон жорлонг хараад мэл гайхаж, цэл хөхөрсөн бичлэг хийж Монголыг дэлхийд “сурталчилсан” -ыг санах болов уу.

Засгийн газар энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаа мэдэгдэв. Монгол Улс 2024 онд 800 мянган жуулчин хүлээн авч, салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг албаныхан онцолсон. Тэгвэл энэ тоо 2025 онд 856 мянга буюу 56 мянган жуулчнаар нэмэгдэв. Нэг жилийн дотор 50 мянгаар л нэмэгдсэн жуулчдын тоог энэ онд 150 мянгаар нэмэгдүүлж чадах уу. Жуулчдынхаа тоог нэмж чадлаа гэхэд тав тухтай, сэтгэл ханамжтай аялуулж, үдэж чадах уу гэдэг эргэлзээ дагуулсан хэвээр байна.

Учир нь, монголчууд эх орондоо аялж, зугаалахад зам харгуйгаас гадна өндөр төлбөртэй амралтын газар, зочид буудлын үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг тухай 2025 онд хийсэн Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зан төлөвийн судалгаанд онцолжээ. Уг судалгаанд дотоодын 572 аялагчдыг хамруулсан бөгөөд дотоодын аялагчид гадаадын жуулчдаас илүү орон нутгийн брэнд хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын эд зүйлс худалдан авч, үйлчилгээний газруудад орлого оруулдаг байна.

Гэвч гадаад гэлтгүй дотоодын аялагчдын зүгээс хамгийн гол нь үнэ хөлсөндөө таарсан чанартай үйлчилгээг "нэхэж" байгаа юм.

Монгол Улсын аялал жуулчлал өртөг өндөртэй салбарт тооцогдож байна. Тиймээс дотоодын тур оператор компаниуд ихэвчлэн Хятад руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад руу аялал зохион байгуулж байна. Дотооддоо буюу Улаанбаатар хотоос хамгийн ойр Горхи Тэрэлжийн цогцолбор газарт энгийн гэрт нэг хонох зардал нь  500 мянган төгрөгөөс эхлэн нэг сая төгрөг давна. Гэтэл Манжуур, Хөх хот руу хоёр өдөр, гурван шөнө аялах өртөг энэ хэмжээний төлбөртэй дүйцнэ. Нэг жишээ татахад, Хөвсгөл аймгийн тайгын аялал гэхэд  л хоногоосоо хамаарч 1.1-1.5 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Мөн гэр бүл, найз нөхдөөрөө олон жил төлөвлөсөн аяллаа сэтгэл дундуур дуусгаж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Аялал жуулчлалын салбарт модон жорлонгийн асуудал хөндөгддөг байсан бол үүн дээр нэмээд амт, чанартай хоол, тав тухтай орчин, үнэ өртөг, аюулгүй байдал гээд олон асуудалд анхаарах цаг болсныг иргэд хэлж, шүүмжлэх болсон. Тиймээс салбарын судлаачид аялал жуулчлалын салбар дахь үйлчилгээний чанарт анхаарч, сайжруулах шаардлагатай гэж дүгнэжээ.

Аялал жуулчлалын салбарт маркетинг сурталчилгаа, элдэв контент, инфлүүзер гэхээс илүүтэй дэд бүтэц болон тав тухтай үйлчилгээ үгүйлэгдэж байгааг судалгаанд оролцсон дотоодын аялагчид онцолжээ.

Тэд эх орноороо аялахад хамгийн түрүүнд боловсон жорлонгийн асуудлыг шийдэхийг хүссэн бол дараагаар нь орон нутгийн замын нөхцөл байдал, үйлчилгээний байгууллагын тав тух, стандартад анхаарах шаардлагатай гэсэн байна. Үүнээс гадна орон нутгийн замын тэмдэг тэмдэглэгээ, амралтын газар, зочид буудлын үнийн хөөрөгдөл, интернэт харилцаа холбооны асуудал хүндрэлтэй байдаг гэжээ.

Монголчууд эх орондоо аялахдаа байгалийн сайхан, аюулгүй автомашин техник, амт чанартай хоолыг чухалчилж байгааг сүүлийн үеийн судалгааны үр дүн харуулж байна. Аялагчдын хувьд хамгийн гол нь гэр бүл, найз нөхдөөрөө дурсамж бүтээж, стрессээ тайлж, цагийг хамт өнгөрүүлэхийг эрмэлздэг бөгөөд 2024 онд аялагчдын 74.3 хувь нь даатгалд хамрагдаагүй байсан бол 2025 онд энэ хувь хэмжээ 9.2 хувиар өссөн дүнтэй байгааг судлаачид онцолсон байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Өнгарсөн 2025 онд Монголд 856 мянган жуулчин ирж, хамгийн олон зочин хүлээн авлаа. Салбар яам энэ бодлогын хүрээнд соёл урлаг, аялал жуулчлал, спортын салбарыг уялдаатай хөгжүүлэх төлөвлөгөөн дээр ажиллаж байна. Мөн энэ онд аялал жуулчлалын салбарт 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй олгох ажлыг арилжааны банкуудтай хамтран хийнэ. Ингэснээр төсвөөс мөнгө гаргахгүйгээр аялал жуулчлалын салбарын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна” гэдгийг онцолж ярьсан. Цар тахлын үед тэг зогсолт хийсэн энэ салбарын тоон үзүүлэлт өсөлттэй байгаа ч бодит амьдрал дээр навсархай гэр, гурилтай шөлөөр үйлчилдэг байдал бахь байдгаараа байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна. Төрөөс дэмжлэг аваад ч энэ байдал дээрдэж, аялал жуулчлалын үнийн хөөрөгдөл бууна гэдэгт иргэд итгэл муутайхан л байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ