Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эдийн засгийн бодлого хариуцдаг ахлах албан тушаалтнаа халжээ. Үүний зэрэгцээ намын зарим гишүүнийг чадваргүй гэж буруушаасан нь ховрын тохиолдол болов. "KCNA" агентлагт өнөөдөр /2026.01.20/ мэдээлснээр, Ким Жон Ун шадар сайд Ян Сун Хог "Рёнсонг" машин механизмын цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шатны нээлтийн ёслолын үеэр халжээ.
Түүнийг чухал ажил үүрэг даалгахад тохиромжгүй хүн гэж тодорхойлоод, газар дээр нь халсан аж. "Шулуухан хэлэхэд, ямаанд үхэр тэрэг хөллөсөнтэй адил байлаа. Энэ бол манай боловсон хүчний томилгооны явцад гарсан санамсаргүй алдаа. Эцсийн эцэст тэргийг шар үхэр л чирнэ шүү дээ, ямаа биш" гэж Ким хэлжээ.
Ким Жон Ун Даваа гаригт "Рёнсонг" цогцолбороор зочлохдоо машин механизмыг орчин үежүүлэх төслөөс хойш татаж байгаа бусад албан тушаалтныг мөн буруутгажээ. Тэрбээр "Хариуцлагагүй, бүдүүлэг, чадваргүй албатуудтай байвал энэ цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шат бэрхшээлтэй тулгарах болно. Одоогийн эдийн засгийн бодлого боловсруулагчид улс орны аж үйлдвэрийг бүхэлд нь дахин товхинуулж, технологийн хувьд шинэчлэх ажлыг бараг удирдаж чадахааргүй байна" гэсэн юм. Мөн ялагдал, хариуцлагагүй байдал, идэвхгүй байдалд дассан гэж намын гишүүдийг шүүмжилсэн байна.
Албан тушаалтнуудыг ингэж ил тод бөгөөд хурцаар шүүмжлэх нь ховрын тохиолдол гэдгийг "Yonhap" мэдээллээ. Энэ үйлдэл нь намын их хурлын өмнө ажилтнуудын дунд сахилга батыг бэхжүүлэх зорилготой байсан бололтой. Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт цэргийн удирдах албан тушаалтнуудыг мөн халсан билээ.
Ян Сун Хогийн хувьд өмнө нь машин механизмын салбарын сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн салбараа хариуцсан шадар сайд болж дэвшээд байсан юм. Мөн тэрбээр намын удирдах зөвлөлийн гишүүн юм.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
